20/01/2022
Бурхдын бурхан №3
Ригагаас ирсэн шидтэн
Михаил Таль нь 1936 оны 11 сарын 9-нд Лативын Рига хотод
еврей гэр бүлд төрсөн. Анх 7 насандаа шатар тоглож сурж байсан одоо цаг үед бол жаахан хожуу талдаа сурч байсан. Түүнийг Ригагаас ирсэн шидтэн гэж дууддаг ба түүнд дургүй шатарчид Ригагаас ирсэн самууруулагч ч гэж дууддаг байсан гэдэг. Энэхүү нэр нь түүний өвөрмөц тактикийн тоглолтын арга барилтай нь холбоотой бөгөөд тэрээр бүх цаг үеийн хамгийн агуа довтолгооны мастер юм. Тэр хамгийн бүтээлч сэтгэлгээтэй суут ухаан шатарчинд тооцогддог ба тэр ч бүү хэл түүний тоглолтыг урьдчилан таамаглах ямарч боломжгүй бөгөөд "Түүний тоглолт бүр шүлэг шиг давтагдашгүй, үнэлж баршгүй" гэж ярьдаг байв. Тэрээр шатрын хөлөг дээр билэг танхай яруу найрагч шиг л юу үзүүлж харуулахыг хүснэ тэр бүхнийг санаан дураар шатрын дүрсүүдийг ашиглан тэрлэдэг байв. Талийг е4 түлхэхэд өрсөлдөгч нар нь эхний нүүдлээс л дарамт авч тоглодог байсан гэх ч яриа байдаг.
Александр Кобленц 1949 оноос түүнд шатар зааж өгсөн бөгөөд энэ цаг үеэс эхлэн Талийн ур чадвар эрс өөрчлөгдсөн юм. 1951 онд Латвийн аварга шалгаруулах тэмцээнд орж эхлэсэн бөгөөд 1952 онд өөрийн дасгалжуулагч багшийн өмнө зогссон бөгөөд 1953 онд Латвийн анхны аварга цолоо авсан юм. 1954 онд ЗХУ-ын спортын мастер цол авс байсан ба тэр жилээ анхныхаа их мастерийг хожиж байв.
1956 онд ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд анх орж 5-7 р байрыг Полугаевский, Холмов нартай хуваан эзлэсэн юм. Григорий Левенфиш хэлэхдээ " аварга хүний хамгийн байж болох дүр бөгөөд , хурц бөгөөд төвөгтэй тоглолт хийхийг эрмэлздэг агуа их авъяастан" гэсэн байдаг. Дараа жил нь тэрээр ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ба 20 настай үзүүлсэн энэ амжилт нь ЗХУ -ын хамгийн залуудаа аварга болсон тоглогч болсон юм. Тэрээр 1957,1958, 1967,1972,1974,1978, онуудад ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд нийт 6 удаа түрүүлж байв.
1959 онд тэрээр Керес , Фишер, Смыслов, Глигорич, Бенко, Петросян, Олафссон нартай дэлхийн аваргын өрсөлдөгчдийн тэмцээнд ширүүхэн үзэж 28-аас 20 оноо аван тэргүүлж 1960 онд Ботвинниктэй дэлхийн аваргын халз тоглолтонд тоглох эрхээ авсан юм. Ингээд 1960 онд дэлхийн аваргын халз тоглолтонд тоглож 12,5 :8,5 онооны харьцаагаар ялалт байгуулж тухайн үедээ хамгийн залуудаа шатрын дэлхийн аварга цолыг 23 настай хүртэж байв. Энэхүү амжилт нь бүх цаг үеийн 3-т жагсаж байгаа бөгөөд 1-рт Каспаров, 2-рт Магнус Карлсен нар зогсдог юм. Ингээд дараа удаад Ботвинник дахин даага нэхэх тоглолтондоо өмнөх тоглолтын алдаа дутагдал дээр ажиллаж 13:8 оноогоор ялж дэлхийн аварга цолоо эргүүлэн авсан бөгөөд тэрээр талийн нарийн төвөгтэй тактикийн тоглолтыг гаргах боломж олголгүй төгсгөлийн тоглолтруу шилжүүлсэн нь ялалт байгуулахад нь чухал нөлөөлсөн ч хамгийн том шалтгаан нь түүний эрүүл мэнд байв. Гэхдээ тэрээр энэхүү ялагдалаа хэзээ ч эрүүл мэндтэй холбож тайлбарлаж байгаагүй юм. Ингээд 1948-1963 оны хооронд агуа Ботвинникийн хаанчлалд завсар оруулсанаар "Өвлийн хаан" хэмээх нэр хүртэл авч байсан юм. Энэхүү халз тэмцээнд эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулж болно гэсэн ч тэрээр тэмцээнийг хойшлуулахгүй үргэлжлүүлсэн юм. 1962 оны өрсөлдөгчийн тэмцээнд маш муу тоглосон бөгөөд тэмцээнээ дуусгаж чадалгүй орхисон юм. Энэхүү тэмцээний үеэр Тайманов түүнрүү утасдаж ямаршуу байгааг асуухад " Би гайхалтай сайн байна. Бөөр маань жаахан багассан , тэмцээн маань сүйрсэн , бас мөнгө алдсан, бүх юм маань сүүрчихээд байнадаа" хэмээн хариулсан гэдэг. 1960 д оны үед тэр дэлхийн аваргын хүчтэй өрсөлдөгчдийн тоонд явсан ч гэсэн 1965 онд Спасскийд, 1968 онд Корчнойд хагас финалд ялагдал хүлээсэн юм. 1973-1974 оны хооронд хамгийн удаан ялагдалгүй тоглосон тоглогчийн амжилтыг үзүүлсэн бөгөөд энэхүү үзүүлэлт нь тухайн цаг үедээ 1-рт бичигдэж байсан бол бүх цаг үеийн 3-р байранд Магнус болон Дин Лирэн нарын араас орж байгаа юм. Энэхүү амжилтыг 46 ялалт 49 тэнцээгээр тогтоосон юм. Таль сүүлчийн тэмцээнээ Барселонад 1992 онд тоглосон бөгөөд эхний хэдэн өргийн дараагаар түүний бие ахиад муудсан ба эмч нар түүнд тэмцээнийг зогсоохыг хүссэн ч эхлүүлсэн ажлынхаа ард гарна хэмээн үргэлжлүүлжээ. Зарим өрсөлдөгч нар нь түүнийг хүндэтгэн бушуухан тэнцэж байсан ч сүүлчийн өрөг гал гарсан тоглолт болж гайхамшигт ялалт байгуулсан бөгөөд 38 дахь нүүдэл дээрээ Н е1 гэсэн нүүдлээр өрөг дууссан бөгөөд энэ нь Рига хотын ноёнтон нэг насны амьдралаа өндрөлсөнийг зарласан мэт байрандаа иргэж ирсэн юм. Ингээд төд удалгүй 6сарын 28 нд ертөнцийн мөнх бусыг үзсэн юм.
Тэрээр архи дарс , тамхийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь түүний эрүүл мэнд муудахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Тэрээр маш хүчтэй өвдөлтийн улмаас түүнд хэрэглэсэн морфинд донтсон байсан гэдэг. Бас тэмцээний үеэр уух нь элбэг байсан бөгөөд Голландад болсон нэгэн тэмцээнд зөвлөлтийн нэгэн их мастертай тэмцээнийг тэргүүлж байсан ба сүүлчийн өргөөс хамаарч хэн түрүүлэх нь шийдэгдэх байхад шөнийн 4 цаг хүртэл ууж хоноод маргаашийнхаа тоглолтонд ялалт байгуулж тэрхүү тэмцээндээ түрүүлж байсан ч тохиолдол байдаг. Мөн Түүний баруун гар нь төрөлхийн гажигтай байсан нь гэрэл зургуудад үлдсэн байдагч тэрээр төгөлдөр хуурыг маш чадварлаг тоглодог байсан гэдэг. Хэдийгээр түүний хаанчлал эрүүл мэндийн шалтгааны улмаас ганцхан жил үргэлжилсэн ч дэлхийн бүх цаг үеийн хамгийн аугаа аваргуудын жагсаалтанд яалт ч байхгүй ордог. Түүний тоглолтыг үзэж шатрын спортод дурласан мянга мянган залуучууд байдаг гэхэд эргэлзэхгүй байна.