30/09/2024
#УвсАймгийнШатарчид 7️⃣
Спортын дэд мастер, Увс аймгийн аварга шатарчин Даржаагийн Цэвээн
♟️ Хамгийн анх 17 орчим насандаа Түргэн суманд ажилладаг байхдаа хүмүүсийн шатар тоглож байгааг харсаар байгаад сурчихсан. Тэр үед шатар сурчихаад сонирхлоороо сумын, аймгийн гэх мэт тэмцээнүүдэд орж их тоглодог байсан.
♟️ Надад өдийг хүртэл шатар заасан албан ёсны багш гэж байхгүй. Өргийн ард суугаад тоглодог байсан хүмүүсийнхээ тоглолтыг нь хараад засаж сайжруулсаар байгаад л илүү сайн тоглож сурсан даа. Нэг ёсондоо өөрөө өөртөө бас багш болсон гэсэн үг юмуу даа.
♟️ Би нисэх онгоцны буудалд сумлагч машины жолооч их олон жил хийсэн юм. Ажил мэргэжилийн онцлогоос шалтгаалаад маш завгүй байдаг байсан учраас өдөр тутамдаа шатар тоглох боломж олддоггүй байсан.
Тэтгэвэрт гарсаныхаа дараа л шатрыг маш их сонирхож өдөр бүр нүүдэг дадалтай болсон. Шатар тоглосноор сэтгэл санаа ч тэр амгалан тайван сайхан байдаг шүү.
♟️Одоо ихэнхидээ чөлөөт цагаа шатар тоглож өнгөрүүлж байна. Шатар тоглох чинь их сонирхолтой, тийм их нүсэр материал ч шаардахүй, хаана ч шатраа авч яваад тоглочихдог үнэхээр гоё тоглоом шүү. Одоо хөгширөөд ядраад байдаг болчихжээ уг нь өдөр бүр шатар тоглодог байсан юм.
♟️Хүүхдүүдийг зөв хүмүүжилтэй, хатуужил тэвчээр, хүлээцтэй болоосой гэсэндээ шатрын спортоор хичээллээсэй гэж их хүсдэг юм. Хичээл сурлага бас хүний амьдралд ч их сайнаар нөлөөлдөг шүү.
🙆♀️ Намайг хүүхэд байхад даавуун тортой өвөө ирээд дотроос нь гоё модон шатраа нямбай гэгч нь гаргаж ирээд л энүүн дээр тоглоё гээд суучихдаг байсан. Бараг 20 жилийн хугацаа өнгөрчихсөн байхад Цэвээн ахын маань царай зүс, чанга инээд, шатрын хөлөг нь ч яг тэр хэвээрээ.
Энэ жил манай аймагт сумын 100жилд зориулсан шатрын тэмцээнүүд их болоод би Цэвээн ахтай 2 тэмцээнд хамт явж таарсан юм. Алхаа гишгээ, байгаа байдал гээд бүх зүйл нь дөнгөж 60гаран настай юмуу гэж харагдмаар үнэхээр цовоо сэргэлэн. 81 настай мөртлөө хэцүү замд машинаа 200-аад км өөрөө бариад явчихна. Дугуйны хий нь гарчихлаа гэснээ залуу хүмүүсийн урдуур ороод л өөрөө янзлаад зогсчихно. Ядрахаа мэдэхгүй шөнө хүртэл шатрын хөлөгний ард тоглоод суучихна. Шатарт тийм л дуртай хүн байгаа юм.
Манай аймгийн шатарчдын топ-10 дотор одоо ч багтсаар. Сая хамгийн сүүлд гэхэд л Ховд аймагт болсон “Баруун Бүсийн Багийн шатрын Аварга Шалгаруулах” тэмцээнд аймгаа төлөөлж VII ширээнд суугаад маш хэрэгтэй оноонуудыг авч ирж үнэхээр чанга өрсөлдөгч байж чадсан шүү 😊
Та минь эрүүл энх байж удаан наслаарай 🫶
📔 Б. Энэрэл