06/08/2026
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн 66%, Нийслэлийн 34%-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан, 8 замтай тэмцээний бассейн болон 3 замтай халаалтын бассейн бүхий Усан спортын цогцолборын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Энэ нь нийслэлд усан спортын зориулалтын иж бүрэн байгууламж барих боломжийг дахин алдагдуулсан шийдвэр боллоо. Үүнээс өмнө, 2000 онд Зүүн Азийн Залуучуудын наадамд зориулан барихаар төлөвлөж байсан 50 метрийн урттай, 10 замтай усан бассейны төслийг ч Нийслэлийн харьяа "Улаанбаатар спорт менежмент" ХХК хэрэгжүүлж чадалгүй зогсоосон түүхтэй.
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо (МУССХ) НҮТББ нь дээрх төслийг дэмжин, АПУ ХХК-ийн дэмжлэгтэйгээр 1 тэрбум төгрөгийн хандивыг төвлөрүүлсэн боловч уг хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулсан талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.
Өнөөдөр 2 сая гаруй хүн амтай нийслэл хотын иргэдийн төлөөллийн байгууллага иргэдийнхээ эрүүл мэнд, хүүхэд залуусын биеийн тамир, усан спортын хөгжлийг дэмжихэд шаардлагатай 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэмжээгүй нь үнэхээр харамсалтай.