27/11/2025
ЭМГЭНЭЛ
ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ
(1976-2025)
Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын арслан, дэд хурандаа Доржпаламын Ганхуяг нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Д.Ганхуяг нь 1976 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1984-1994 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд Багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж, “Аварга” дээд сургуульд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр үндэсний бөхийн Өсөх идэр, Улам нэмэх, Уран мэхт, Хурц шаламгай, Өрнөн дэлгэрэх, Үлэмж бадрах чимэгтэй, төрийн наадмын түрүү, Монгол Улсын хүчит арслан байв.
Мөн чөлөөт, жүдо, самбо, сүмо, сонгомол, кураш зэрэг бөхийн бүх төрөл болон рагбигийн Олон улсын хэмжээний мастер, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчин, Спортын мастер, монголын спортын түүхэнд тодорсон өвөрмөц амжилтын эзэн байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2021 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Доржпаламын Ганхуяг таны эх орныхоо хөгжил, дэвшилд оруулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, Н.УЧРАЛ, Г.ЗАНДАНШАТАР,
Б.НАЙДАЛАА, Д.БАТЛУТ, Ч.УНДРАМ, О.АЛТАНГЭРЭЛ, Г.ХОСБАЯР,
Т.НАРАНГАРАВ, О.ПҮРЭВДОРЖ