09/07/2026
Япон хэлнээс бурхны сургаал орчуулах үед Интокү(陰徳) буюу "далд буян", "сүүдрийн буян" хураах чухал гэж их гардаг юм.
"Интокү" (далд буян) гэдэг нь Япончуудын нэгэн гайхалтай ухагдахуун. Энэ нь хүний нүдэнд харагдахгүйгээр үйлдсэн сайн үйл хамгийн эрхэм нандин байдаг гэдгийг сургадаг. Хариу нэхэхгүй, үнэлгээ ч горьдохгүй, зүгээр л өөрийнхөө зөв, хэрэгтэй гэж бодсон зүйлээ тултал нь хийх🤨
Энэ ухагдахуун хэдэн зуун жилээр удам дамжсан урчууд, дархчууд төдийгүй ер нь өнөөгийн Япон орныг бий болгосон гэхэд хэлсдэхгүй. Хэн нэгэнд үнэлэгдэх гэсэндээ бус хэн ч анзаарч хийхгүй зүйлийг чухал гэж бодсондоо хийдэг. Энэ нь эцсийн дүндээ улс орондоо гайхамшигтай өв соёл, техник технологи гээд олон зүйлийг үлдээдэг аж. Мөн ийм хүмүүс жинхэнэ эгэл даруу, ёс жудагтай байдаг. Эгэл жирийн, цаанаа л нэг тийм гоё, буян нь царай зүсэн дээр нь тодорсон хүмүүс байдаг даа. Тийм хүн эргээд үргэлж сайхан хүмүүсээр хүрээлүүлж байдаг.
Дээрх ухагдахуунтай холбоотой "Хэн ч хараагүй байх үеийн би бол миний жинхэнэ дүр төрх" гэх үзэл Япончуудад бий.
Үүнийг хогны уут бариад сайн дураараа гудамжинд хог түүж харагдах өвөө эмээ нараас харж болно. Бас дээр үед хамт сурч байсан япон оюутан залуу анги танхим цэвэрлэх үед хүний хийхээс зайлсхийдэг шалны булан тохой арчих, хог асгах зэргийг хамгийн түрүүнд хийдэг байсан юм. Нүдэн дээр жоохон доожоогүй ч гэх юм уу, өвөрмөц сонирхолтой залуу байсан болохоор бусад оюутнууд их шоолж, тоглоом шоглоом хийдэг байсан боловч надад бол мундаг санагддаг байж билээ😊
Тийм хүмүүс мундаг болох гэсэндээ биш, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийж байдаг.
Гэтэл өнөө үед хэн нэгэнд харагдаж, хүлээн зөвшөөрөгдөх нь үнэ цэнд тооцогдож, зөвхөн түүгээр нь хүнийг тодорхойлох, үнэлэх хандлагатай болсон нь харамсалтай😢
Хүний жудаг, хүний мөн чанар гэдэг бусдын нүдэн дээр хэр их зүйл хийснээр бүрэлддэг зүйл биш. Хэн ч хараагүй газарт хуримтлуулсан амьдралын хэв маяг нь яваандаа тухайн хүний нүнжиг, чанарыг илтгэдэг.
Тэгэхээр хүний хуримтлуулах ёстой жинхэнэ баялаг бол зөвхөн мөнгө төгрөг биш, хэнд ч харагдахгүй газарт чимээгүйхэн хураасан тэрхүү "далд буян" байж болох юм🤔
Та бүхэн юу гэж бодож байна даа?
Бичсн: Light Gerel