10/05/2026
Үндэсний Дээд лигийн тэмцээний 2-р байрт жагсаж байсан “Улаанбаатар” баг энэ тойрогт дээр нь бичигдэж байсан “Централ Сталлионс” баг тэнцсэн учраас оноогоор гүйцэх боломж гараад байсан. Энэ боломжийг ч тэд алдалгүй 7:1 харьцаатай өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод А.Тэмүүжин онцлох тоглолтыг үзүүлж, 2 гоол оруулахын зэрэгцээ 2 гоолын дамжуулалт өгч, багийнхаа хожилд голлох үүрэгтэй байлаа. Мөн “Улаанбаатар” багийн төлөөх эхний тоглолтдоо оролцсон З.Лхагваа 2 гоол оруулсан юм.
“Улаанбаатар” ийнхүү “Централ Сталлионс” багтай 11 тоглолтын дараах байдлаар адил 29 оноотой боллоо. Эхний тойрогт багууд хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас одоогоор гоолын зөрүүгээр “Улаанбаатар” баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд +43 бөмбөгний үзүүлэлттэй байгаа нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт юм.
Дээд лигийн тэмцээний урт улиралд багууд тоглогчдынхоо амралт, ачааллыг зохицуулах нь маш чухал байдаг. Тийм ч учраас “Улаанбаатар” баг энэ өдөр өмнөх тоглолтынхоо гарааны 7 тоглогчийг өөрчилж тоглолоо. Тэд дараагийн тойрогт 3-р байрт бичигдэж байгаа “Хангарьд” багтай маш чухал тоглолтыг хийх юм.