18/11/2021
Өвлийн эхэн сарын мэндээ.Өвлийг давах биeийн бэлтгэл хангагдсан бол сэтгэлийн бэлтгэлээ базаахад нэмэр больюу хэмээв. Хүн бүхэн уурлаж бухимдах дургүй ч бүгд маш их уурлаж бухимддаг болжээ.Энэ уур хаанаас үүсч байна вэ? гэдгийг танихад туслах гээд оролдоцгооё. *Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана *Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга хийсвэр зүйлс бодогдож мөрөөдүүлж байдаг *Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь харж боддог зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг үзэл юм *Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана *Атаархал бол шуналаас үүдэлтэй
Энэ тавыг хүмүүний сэтгэлийн таван хор гэж үзэх ба эдгээрээс 10 хар нүгэл үүддэг байна. Хэрэв бид эдгээрийг тэвчиж чадвал бурхан мэт амар амгалан оршвой. Бүх ном судар, шашин шүтлэг энэ тавыг тал бүрээс нь тайлбарладаг байна. Хүн энэ яваа насандаа зөв сайхан сэтгэлтэй явбал үр хойчдоо мөн тийм eрөөл үлдээдэг аж. Хүн өөрөө өөртөө л аврал болохоос өөр юунаас ч үл хамаарна.Таван хорыг эмчлэх шинжлэх ухаан, багаж техник, эм тариа, эмчилгээ гэж байхгүй. Хүн өөрөө сэтгэлээ зөв танин барьж байж өөрийгөө эмчлэнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрөө л бодож, бясалгаж, мэрийх хэрэгтэй. Эмийн сударт хамаг өвчин энэ тавын эхний гурваас гаралтай гэж үздэг. Хүний мөн чанар бол бие, сэтгэл хоёрын нийлбэр юм.Үүнийг иог бясалгалаар нэгтгэдэг билээ. Бие нь гадаад үзэмж юм. Хүнийг сайхан аз жаргалтай байлгадаг нь гол хүч сэтгэл аж. Сэтгэл хүнийг ариун уужуу болгодог. Сэтгэлээ хяна. Сэтгэл давчуу бол бүх юм давчуу байна. Тэгэхээр сэтгэлээ уужуу байлгах нэн чухал ба бясалгал хийж хэвшээрэй. Сэтгэлийг судлах нь нэг хоёр өдрийн төдий юм биш юм. Би өнөөдөр хүнд ямар сэтгэл төрүүлчихэв, тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэв гэдгийг байнга бодох нь зөв. Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн бол насан туршдаа сайнаар дурсагдаж, муу сэтгэл төрүүлсэн бол муугаар бодогдоно.Хүнд муу сэтгэл төрүүлчихээд уулзаж цайруулж чадахгүй өнгөрчихвөл их нүгэл хураана. Хүн бие, хэл, сэтгэл гурваараа буян хураана. Биеэрээ зөв юм хийх, сэтгэлээрээ зөв юм бодох, хэлээрээ зөв юм хэлэх нь буян гэсэн үг. Сайхан юм хэлж явдаг хүний ажил өөдрөг, бараан юм ярьж явдаг хүний ажил уруугаа байдаг.Сэтгэл чинь сүнс юм. Сүнсэнд ямар юм хэлнэм, тийм л энерги хуримтлагдана. Зөв энерги хуримтлуулах уу, буруу энерги хуримтлуулах уу гэдгийг та өөрөө л шийднэ. Өнөөдөр хэн нэгэнд гомдчихоод битгий уурлаарай. Уургүй хүн амжилтад хүрнэ, өвчин тусавч амархан эдгэрнэ. Хүн ер нь нас, эд хөрөнгө, эрдэм гурвын төлөө амьдардаг гэдэг. Эрдмийг эхэлж сурвал нас, алдар нэр, эд хөрөнгө аяндаа хүнийг дагана. Таны бие эрүүл, оюун саруул, сэтгэл нигүүлсэнгүй байх болтугай.Мөн бүх зүйлийн тунг тааруулах нь хамгийн зөв сонголт байдаг гэдээг.Намастэ🙏