15/08/2024
Би хүүгээ 9 сар хүртэл нь хөхүүлсэн юм. Төрөөд 6 сартай байхдаа Азийн аваргаас мөнгөн медаль, 10 сартайд нь Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан. Их л ядардаг юм билээ. Ээжүүд маань мэднэ дээ. Бэлтгэл хийх нь битгий хэл хүүхдээ шөнө хөхүүлэхээр л ядардаг шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ, аймар санагддаг юм. Хүнд зорилго байна гэдэг тийм л гоё.
Би 27 настай, 17 жилийг Спортын төв ордны бэлтгэлийн зааланд өнгөрүүлсэн байна. Ордны хаалгаар гэртээ ирж байгаа юм шиг л орж ирдэг. Нутгийнхаа чулууг андахгүй гэдэг шиг л хаана, ямар догол байна тэр бүгдийг л мэддэг. Хайрлана, урам зориг авна. Энэ бүх амжилтыг гаргахад бэлтгэлийн заал маань хамгийн чухал нөлөө үзүүлсэн дээ.
Би зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу хүн. Айлын том ч гэлээ аав маань их эрхлүүлдэг. Нөхөртөө эрхэлнэ, багшдаа бас эрхэлнэ. Гэхдээ тамирчин байна гэдэг дотоод сэтгэл зүй унах гээд байгаа үедээ зөөлөн сэтгэлээ хаагаад, өөрийгөө хянаж чаддаг л байх хэрэгтэй. Учир нь эцэг эх, үр хүүхэд өвдөх гэх мэт ямар нэгэн асуудал тулгарахад зааландаа л байж сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл, манай хүүхэд одоо зургаан настай. Ларингиттай, ханиад хүрэхээрээ хоолой нь шууд боогддог байсан болохоор төрснөөсөө хойш 10 гаруй удаа эмнэлэгт хэвтсэн. Би нэг л удаа хүүгээ сахиж байсан юм. Эх хүний хувьд хүүхэд өвдөнө гэдэг бол аймаар зүйл шүү дээ. Гэвч энэ үед би яаж ч чадахгүй, уйлж болохгүй бэлтгэлээ л хийх хэрэгтэй болдог. Спортын хатуу нь энэ…
М.Анхцэцэгийн энэ спорттой холбогдсон 17 жилийн хугацаан дахь баяр гунигийг ганц нийтлэлд багтаана гэдэг хэцүү ч бэртэл гэмтлийг умартан зорилгынхоо төлөө тэмүүлэх тамирчны амьдралын нэгээхэн хэсгийг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорилоо.