30/05/2018
2017 оны 03 сарын 27-оос Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг 14 сарын хугацаагаар сунгалаа.
МХБХ-ны Зөвлөлийн 04 сарын 20-ны хурал дээр Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж баталсан бөгөөд, өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа. Тэрээр 2018 оны 09-р сард манай улсад болох зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгарах, ОУХБХ-ны урьдчилсан шатны болон бусад олон улсын тоглолтуудад амжилттай оролцох, Азийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь шатанд шалгарвал үргэлжлүүлэх ажиллах нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан юм. Үндэсний шигшээ баг 2019 оны 6-р сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.
UEFA Pro ангилалтай Герман дасгалжуулагч Майкл Вайсс жилийн хугацаанд үндэсний шигшээ багийг удирдан ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайвань /4:2/ Малайз /2:2/ Маврики /0:2/ улсуудтай тоглосон юм. Мөн 23, 19, 16 хүртэлх насны шигшээ багуудад анхааран ажиллаж, ирээдүйн үндэсний шигшээ багийн суурийг бэхжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд амжилттай хийсэн гэж үзсэн тул МХБХ-ноос түүний гэрээг ийнхүү нэг жилээр сунгалаа.