15/12/2025
1. ТАНЫ ГЭРТ ХҮНИЙ НҮДЭНД ҮЗЭГДДЭГГҮЙ "ГОРЬДОМХОЙ ХҮҮ" АМЬДАРДАГ
Монголчууд бид галаа зүгээр нэг дулаацуулах хэрэгсэл гэж үздэггүй. Гал гэдэг амьд. Бүр тодруулбал, Монгол айлын гал голомтод улаан дурдан бүчтэй, 3 настай балчир хүү завилан суудаг гэж өвгөд хэлэлцдэг.
Гурван настай хүүхэд ямар байдаг билээ? Өхөөрдөм, эрх, бас их горьдомхой. Аав ээж нь амттай юм идэхдээ өөрт нь өгөх болов уу гэж нүдээ бүлтгэнүүлэн хардаг даа. Яг л түүн шиг Галын бурхан айлын хүмүүс хоол идэхэд "Надад дээжийг нь өгөх болов уу?" гэж горьдон хүлээдэг гэнэ.
Тиймээс л Монгол хүн хэзээ ч галын бурхнаасаа түрүүлж ам хүрдэггүй. Шинэ цай чанавал дээжийг нь бурхандаа, шинэ хоол хийвэл өөх тостой, хамгийн амттай хэсгийг нь "Болж бүтэж яваг" гээд галдаа өргөдөг учир энэ. Галдаа өргөсөн идээг "Түлэгдчихлээ" гэж бүү хар, харин гэрийнхээ хамгийн эрхэм гишүүнийг хооллолоо гэж бодоорой.
Гал голомт гэдэг зүгээр нэг үнс нурам биш ээ. Тулганы гурван хөл нь Эцэг, Эх, Бэр гурвыг бэлгэдэж, айл гэрийн бүтэн байхын баталгаа болдог. Гал нь баярласан айлын "Нүдний гал" нь хүртэл сэргэж, үүд нь өлзийтэй байдаг гэдэг дээ.
Өнөөдөр та гэрийнхээ "бяцхан хүү"-г баярлуулсан уу? 🔥
2. БИДНИЙ ДУЛААН ХОНОЖ БУЙ ШАЛТГААН БУЮУ "ГАЛЫН ХУЛГАЙЧ" ШУВУУХАЙ
Хараацай шувууны сүүл яагаад ац хэлбэртэй байдгийг та мэдэх үү? Энэ бол зүгээр нэг тохиолдол биш, бидний төлөөх золиос байжээ.
Эрт урьд цагт хүн төрөлхтөн галгүй, харанхуй, хүйтэн ертөнцөд амьдарч байв. Гэтэл Дээд тивд гал гэгч гайхамшигтай зүйл дүрэлзэж байхыг хараад, хэн нэг нь очиж авчрах хэрэгтэй болжээ. Хамгийн жижигхэн мөртлөө хамгийн зоригтой, хурдан шаламгай Хараацай шувуу энэ хүнд даалгаврыг үүрчээ.
Тэрээр дээд тивийн нэгэн айлын тооноор шумбан орж, дүрэлзсэн галаас нь хулгайлж зуугаад зугтжээ. Гэрийн эзэгтэй үүнийг хараад уурлаж, галын хайчаа шидэхэд хараацай шувууны сүүлийг хавчин тасдаж орхисон гэнэ. Ингэж хараацай шувуу сүүлээ ац болгон байж, хүн төрөлхтөнд Галыг авчирч өгчээ.
Тэр цагаас хойш Монголчууд галаа "Амьтай" гэж шүтэж, хайрлаж ирсэн. Шинэ айл үүсгэхэд хүү нь ааваасаа "Гал хайрла" гэж гуйж, эцгийнхээ галаас тасалж авдаг нь удам залгахын бэлгэдэл. Галтай айлд Галын тэнгэрээс гадна Үүдэн тэнгэр, Эдийн тэнгэр хамт заларч байдаг.
Таны гэрийн гал өөдөө байг!
3. WIFI-ААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ КОННЕКШН БУЮУ "ГАЛЫН ТЭНГЭР"
Бид орчин үед байранд амьдарч, плитка хэрэглэдэг болсон ч "Гал голомт" гэдэг ойлголт хэзээ ч хуучрахгүй.
Яагаад Монголчууд галаа тахихдаа шар тос, архи, торго дурдан өргөдөг вэ? Яагаад мах идэхдээ заавал 3 удаа огтолж галдаа өгдөг вэ? Энэ бол баруунаар бол "Give and Take" буюу монгол заншлаар бол өгч байж авдаг орчлонгийн хууль бөгөөд хүний гарын алга тэнийлгэж сур гэдэг сургаалиас үүдэлтэй.
Өвгөдийн сургаалаар бол Галд 3 настай хүүгийн дүртэй бурхан оршдог. Тэр хүүг "хооллож", баярлуулж байж тухайн гэрийн энерги цэвэрлэгдэж, ажил үйлс нь бүтдэг гэж үздэг.
* Богино хавирга өргөвөл - Ажил хурдан бүтнэ.
* Бүдэрхий өргөвөл - Бүх зүйл саадгүй болно.
* Булуу чөмөг өргөвөл - Баяжина.
Энэ бол зүгээр нэг мухар сүсэг биш, талархах сэтгэлгээ юм. Гал голомтоо хүндэлдэг айлын нүдний гал нь цогтой, сэтгэлийн гал нь халуун, хайрын гал нь бат бөх байдаг. Гал нь жаргалтай бол Үүдэн тэнгэр баясаж, олз омгийн үүдээ дэлгэдэг гэнэ шүү.
Гэрлээд тусдаа гарч буй залуус минь, хуримынхаа үеэр аавынхаа гэрээс гал тасалж авдаг ёсоо мартав аа. Тэр бол таны амьдралын асаагуур юм шүү. 🔥