30/08/2026
🎯 ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЦАГ (2020.12.22) - 𝐏𝐀𝐑𝐓 𝟒 🎯
Юу гээч, би ирэх жил 50 хүрнэ. Нас минь ч явж байна. Хэзээ нэг цагт намайг байхгүй болсон байхад ч магадгүй энэ хотын хүмүүс миний тэр шидэлтийн талаар ярьсаар л байх байх.
Никсийн фэнүүд ээ гэж... Тэд бол хамгийн шилдэг нь.
Тэд үнэхээр л бодит зүйлийг чамаас хүснэ. Тэд тоглогчдоос жинхэнэ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ нэхдэг юм.
Тиймээс ч би аль болох үнэнээрээ, мөн чанараараа байж хариуд нь бүх зүйлийг хамгийн сайнаараа үзүүлэхийг хичээсэн.
Сагсан бөмбөгийн карьер маань дууссанаас хойшхи энэ олон жилийн хугацаанд би олон нийт, нийгэмдээ эргүүлэн гараа сунгаж туслахын ач холбогдлыг огтхон ч мартаагүй. Чухам энэ бүхэн л намайг хувь хүнийхээ хувьд улам хөгжиж сайжрахад үлэмж нөлөөлсөн. Энэ чинь бас нөгөө л эхлүүлсэнээ дуусгах гэдэг ойлголт шүү дээ!
2005 онд зодог тайлсанаасаа хойш би Никсийн харъалал дотор олон янзын үүргийг гүйцэтгэж, ажиллаж үзлээ. Энэ дундаас би багт ирсэн тоглогчдыг жинхэнэ Нью Йорк Ник байхын тулд юу үзэж туулах ёстой гэдэг дээр нь чиглүүлж тусалж, зөвлөх нь миний туйлын зорилго болсон юм байна гэж бодох болсон. Тэдэнд зөвхөн талбай дээрх тоглолтын талаар зөвлөөд зогсохгүй, ер нь Нью Йоркт байр сууриа бататгахын тулд өөрийн мөн чанарыг хэрхэн тодорхойлж, хэрхэн аль болох урт хугацааны зорилго өөртөө тавьж түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэйг чадахаараа зааж зөвлөхийг л хичээдэг юм. Би тэр бүхнийг өөрөө үзэж, уналт босолтыг өөрийн биеэр мэдэрсэн хүн учир энэ талаар дотроо хадгалаад байлгүй мэдэх чадах бүхнээ л бусдад дамжуулан хуваалцахыг боддог гэх үү дээ.
Энэ дуудлага яг үнэндээ Ник болохоос минь ч өмнө миний дотор орж ирсэн гэж би боддог. Одоогоос 20 гаруй жилийн өмнө ааваас минь авахуулаад бид гэр бүлээрээ бусад хүүхэд залуус, гэр бүлд дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх өвийг бий болгоход нь тусалж, зөвлөх үйлсэд бүх анхаарал, эрч хүчээ зориулахаар эхэлж байсан юм. Тэр үед бусад гэр бүлийн аав хүү нарын харилцааг дэмжин хүчирхэгжүүлэх зорилгоор бид "Аав Сайн Мэднэ" (Father Knows Best) гэдэг арга хэмжээг зохион байгуулдаг байлаа. Аав хүнээс ирэх иймэрхүү заавар чиглүүлэг, амьдралын сургамж, хүмүүжил хайраас маш их зүйлийг ойлгож авсан хүний хувьд би одоо хүүхэд залуус, насанд хүрэгчид хоорондын эрүүл харилцааг дэмжих энэ үйлсийг дэлхий даяар улам сайн түгээх нь амьдралын минь бас нэгэн том зорилт юм байна гэж харах болсон.
Энэ бүхнээс сэдээд би FISLL нэртэй нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой дижитал сургалтын контентоор (миний продюсерлэсэн Coachable нэртэй 30 минутын богино киног багтаасан) дамжуулж менторинг, манлайлах чадвараа хөгжүүлэх болон амьдралын көүчингийн талаар хэрэгтэй хүмүүст нь хүргэх нийтийн хэрэглээний платформыг эхлүүлэхээр шийдсэн юм. FISSL нь Итгэл Найдвар (Faith), Зарчимч Байдал (Integrity), Золиос (Sacrifice), Манлайлал (Leadership), Өв (Legacy) гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд энэ бүхний үнэ цэнийг ойлгуулах замаар хүүхэд залуус, насанд хүрэгчдийг нийгэмд амжилттай, нөлөөтэй бие хүн болоход нь тусалж, эдгээр ойлголтыг улам түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Бид саяхан НБА-тэй хамтарч FISLL-ийн дээрх үнэт зүйлүүдтэй нийцсэн нийгмийн тэгш эрхийн сэдэвтэй зорилтот бүлгүүдийг чадавхжуулах, тэдэнд итгэл найдвар өгөх утгатай мессеж бүхий хувцас хэрэглэлийн брэндийг эхлүүлсэн. Африкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг 100% хар арьстны эзэмшлийн компанийн хувьд бидний энэ эхлэл зөвхөн дараагийн үеийн лидер, менторуудыг дэмжиж төрөн гаргахаас гадна хар арьст энтрэпрэнёр, тэдгээрийн эрхлэх бизнест шууд туслах байдлаар хар арьстнуудын нийгэмлэгт санхүү, эдийн засгийн чадавхжуулалт хийхэд мөн чиглэх юм.
Энэхүү санаачлагаа бид "Эхлүүлсэн зүйлээ үр дүнтэйгээр дуусгах цаг" гэж нэрлэж байгаа. Учир нь хүн бүхэнд үеийн үед тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг бөгөөд бид энэ үйл ажиллагааныхаа хүрээнд өөр олон ч гайхалтай хүмүүс, агуу тамирчидтай нэгдэж энэ үйл хэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр явж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхнийг ч бас бидний энэ зорилгод нэгдэж FISLL-ийн нэг хэсэг болоосой гэж миний хувьд чин сэтгэлээсээ хүсч байна.
Өө нээрээ дуусгахаасаа өмнө нэг юм хэлэхэд: Манай Тибс дасгалжуулагч болон энэ залуу Никсийг битгий дутуу үнэлээрэй!