15/08/2026
Цагаан сүлдний магтаал
Тэнгэр газрын ээл ивээлээр
Төгөлдөр оршихуйн шидийг олсон
Түмэн оны орчил саалтанд
Төгс мандахын сүрийг эрхшээсэн
Их цагаан сүлдэндээ мөргөн залбирья.
Наран сарны гэрэл гэгээнд
Намжаа дэлхийг сүү мэт сүлсэн
Номин хөх далай адил
Номхон сэтгэлийг бадраасан
Есөн цагаан сүлдээ ерөөн дуулья.
Ноёлог сүмбэр уулс мэт сүндэрлэсэн
Сүрлэг сүндэр хангай мэт ханарсан
Хаан тэнгэр мэт мөнхөд оршсон
Хатан дэлхий мэт энхэд цайвалзсан
Богд цагаан сүлдэндээ бохирон сөгдье.
Эзэн төр лугаа бат сууринд бадарч
Эрэлхэг дайчин мэт цаг үргэлжид цэх оршсон
Эцэг өвгөдийн үеэс зуун дамжин мандаж
Эдүгээ бидний үед ч сүр жавхлангаа гайхуулсан
Цог хийморийн цагаан сүлдэндээ тахилаа өргөе.
Давхил сайт хүлгийн дэл сүүлэнд намирсан
Дайчин баатар эрсийн мөрөн дээр заларсан
Далай их төрийн чандмань эрдэнэ болсон
Даяар монгол орны сүр хүчин оршсон
Гэгээн язгуурт есөн цагаан сүлдэндээ мөргөн залбирья.
Хасвуу эрдэнийн тамгатай их төрийн бэлэгдэл
Хамаг олны манлай хараа ихт туг
Харийн дайсны омгийг халируулан зайлуулж
Ханашгүй жаргалын дээдийг эгэл түмэндээ авчирсан
Хаан их сүлдэндээ хадаг өргөн мөргөе.
Тэмүжин Чингисийн үеэс тив дэлхийд цуутай
Түмэн олны нугачаанд мянган бэрхийг туулсан
Есөн өрлөг баатрын үеэс найман зовхист алдартай
Ертөнцийн их мэргэдийн сүнс сүлд ууссан
Есөн цагаан тугандаа сөгдөн залбирья.
Хүннү Сүннүгээс эхтэй тулгар төрийн хийморь
Хүчирхэг эрэлхэг баатруудын эр зоригийн жавхаа
Хүн зоны диваажин-энэ орчлонгийн хоймор
Хөх монголын алтан шүтээн
Богд цагаан сүлдэндээ өчин мөргөе.
Дорно дахины хийморь жавхааг илтгэсэн
Дэлгэр их түмний зүрх сэтгэл амилсан
Дэлхийд хосгүй үндэстний үе үеийн шүтээн
Дөрвөн зүг найман зовхистоо бараатай
Дээд язгуурт есөн цагаан тугандаа цацлаа өргөе.
Ертөнцийг эзэлсэн баатруудын голт зүрхний тангараг
Ер бусын увьдсыг өвч биендээ шингээсэн
Ерөөл буян арвидсан Хөх монголын цагаан сүлд
Ерийн энэ сэтгэлийг минь өндөрт өргөн мандсан
Есөн цагаан тугандаа ерөөл дууллаа зориулья.
Агтны магнай хүлэг морьдын дэл сүүлээр урлаж
Ардын манлай мэргэд дээдсийн номын хүчээр амилуулан
Эдийн дээд хив торгоор чимэглэж
Эрдэнийн дээд алт мөнгөөр хээлсэн
Эрхэмээс эрхэм эзэн сүлдэндээ мэхийе.
Ид хав нь жагссан идэр чийрэг эрсээр мануулсан
Их эзний өнө мөнхийн өв уламжлал
Ирээдүйн зуунуудад авралдаа багтаах
Итгэл найдварын гэгээн билэгдэл
Шүтээн дээд сүлдэндээ айлтгалаа талбия.
Тэнгэрийн салхитай хүлэг морьдын хийморьтой
Бурхны авшигтай галын дөл тэргүүнтэй
Дэлхийн хишигтэй өнө мөнхийн билэгдэлтэй
Богдын адистай босоо байхын увьдас ерөөлтэй
Амгалан цагаан тугандаа аврал өршөөл айлтгая.
Есөн шаргын хатираанд дэлгэр монголоо сэргээсэн
Есөн баатрын жавхаанд хүчин чадал нь амилсан
Ерийн олны бишрэлд өлзий хутаг нь оршсон
Ертөнцийн дээд шүтээн есөн цагаан тугандаа мөргөе.
Үе үеийн эх орончдын халуун амь шингэсэн
Үймээнт хорвоогийн элгэн дээр од мэт гэрэлтсэн
Үлэмжийн их гүрний өрлөг түүхийг бүтээлцсэн
Үлгэрийн буурал замбуулинд домог мэт оршсон
Үнэний цагаан сүлд есөн хөлт тугандаа сөгдье.
Цаг цагийн эрэлхэг дайчдын омог зоригийг бадраасан
Цадиг түүхийг нугачаанд гандаана үгүй мөнхөрсөн
Цацлын сүүний өнгөөр үйлсийн ариуныг бэлгэдсэн
Цаст уулын оргил шиг хүршгүй өндөрт намирсан
Цагаан сүлд тандаа хормой дэвсэн залбирья.
Хүннүг мандуулсан Модун шаньюугийн үеэс алдартай
Хүчирхэг Монголын хаан Чингис богдын шүтлэгтэй
Хамаг улсын оройн чимэг, хатан зоригийн даллагатай
Харь бүгдийн дээр цагаан үүлэн мэт тунарсан
Хаан сүлд тандаа олон бүгдээр итгэлээ өргөе.
Өгөөдэй хааны өглөг хишиг, Гүюүг хааны гүжир их дайчид
Мөнх хааны мохошгүй өрлөгүүд, Бат хааны баатар хөвгүүд
Хубилай хааны хууль зарлиг, Тогоонтөмөр хааны гэмшил
Батмөнх даян хааны их засаглал, Цогт хунтайжийн санаашрал
Лигдэн хутагт хааны эцэслэл, Өндөр гэгээний номлолтой
Өвгөд дээдсийн шүтээн, өндөр их тугандаа сүсгээ зориулья.
Дэлхийн талыг тамгалсан их гүрний сүлд
Дээдийн номыг бишрэгч ард түмний сүсэг
Дээвэрт гэрийн өнгөөр өнө үүрд цайвалзагч
Дэлгэр их Монголын ирээдүйг бэлгэдсэн хийморь
Дээдийн дээд шүтээн есөн цагаан тугандаа залбирья.
Дөрвөн зүг найман зовхисоос бараатай
Дөрвөн улирал гурван цагтаа шүншигтэй
Сайн зүгийн ерөн есөн тэнгэрийн ивээлд оршсон
Саар зүгийн далан долоон тэнгэрийн дарж тогтсон
Далай их сүлдэндээ наминчлан мэхийе.
Уртын дууны шуранхай шингэсэн хурмаст тэнгэрийн доор
Учир жанцан бүтэн барилдсан хөрст алтан дэлхий дээр
Эгэл ард нь жарган суугаа эх орон Монголын минь хойморт
Эрэлхэг дайчид,эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн тоонотын маань
зайд
Тоолшгүй цагийн өмнөөс тодрон мандсан
Тэргүүн их сүлдэндээ ёслон бөхийе.
Нар зөв эргэж мандсан их цагаан туг минь
Нармай Монгол улсын эртний их шүтээн минь
Насан үүрдийн хутаг, мөнхийн цагаан сүлд минь
Найман зүгийн тэртээгээс эдүгээг туулсан хийморь минь
Үрийн үрд таныг өргөмжлөн тахиж байя.
Долоон бурхан оддын хаш цагаан туяатай
Домогт хурдан хүлгүүдийн зөн билгэдсэн үүрсээнтэй
Дорнын их талын жигүүртэн цуцам энтэй
Догшин их мөрний хүчирхэг урсгалын нүргээнтэй
Нүүдэлчин Монголын заяаг үүрд сахин хамгаалсан
Гурван марал, зургаан мичдийн гялбаатай
Гучин гурван говийн элсэн ширхэг бүрээр эс бүхнийг нь бүтээсэн
Гурван мөрний усаар өвч биеийг ариулсан
Дөрвөн уулын дунд дөлгөөн тайван оршсон
Огторгуйд дүүлэн мандагч тэнгэрлэг сүлдэндээ мөргөе.
Эх орны минь хишиг буян хурсан
Эгэл ардын минь итгэл сэтгэл шингэсэн
Алтан ургийн алтан шүтээн болсон
Аз жаргалын гэгээн тэнгэр болсон
Есөн цагаан тугандаа хамаг даяараа мөргөн залбирья.
Хурай, хурай, хурай
Өлгийтэй нялхсын үнэгэн зүүдийг манах
Өтгөс буурлуудын идрийн жавхааг санагдуулах
Хүлэг сайн морьдын шандас тэнхээг ивээх
Хүчит сайн бөхчүүдийн хийморь жавхааг тэтгэх
Эрхий мэргэн харваачдын цэц оноог нэмэх
Эрдэнийн алтан сүлдэндээ олон бүгдээрээ наминчлан мөргөе.
Хурай, хурай, хурай
Хаан их төр минь мандан бадрах болтугай
Хамаг олон ард минь жарган суух болтугай
Эзэн их төр минь эгнэгт орших болтугай
Есөн цагаан сүлд минь аврал ивээлдээ багтаах болтугай
Хурай хурай хурай, хурай хурай хурай,хурай хурай хурай